Цистит буюу давсагны үрэвсэл нь шээс дамжуулах замд нян үүсэж үрэвссэний  улмаас илэрдэг өвчин юм. Зарим эмэгтэйчүүдийн хувьд циститээр өвчлөөд эдгэсэн боловч ахин сэдэрсэн тохиолдол цөөнгүй байдаг. Тэгвэл дахилтат циститийн талаар Уромед эмнэлгийнБөөр гемодиализийн эмчХ.Баянжаргал зөвлөгөө хүргэж байна.

Дахилтат цистит гэж яг юуг хэлдэг вэ? Энгийн циститээс юугаараа ялгаатай вэ?

Цистит гэдэг нь давсагны салст бүрхүүлийн үрэвсэл бөгөөд ихэвчлэн нянгийн халдварын улмаас үүсдэг. Харин дахилтат цистит гэдэг нь эмчилгээний дараа шинж тэмдэг арилсан ч тодорхой хугацааны дараа дахин давтагдан илрэх шээсний замын халдварыг хэлнэ. Энгийн буюу нэг удаагийн цистит нь зөв эмчилгээний дараа бүрэн эдгэрдэг бол дахилтат цистит нь давтан сэдэрч, тухайн хүний амьдралын чанарт шээс задгарайх гэх мэтээр сөргөөр нөлөөлдөг.

Ямар тохиолдолд “дахилтат” гэж үздэг вэ?

Олон улсын удирдамжаар дараах тохиолдлыг дахилтат цистит гэж үздэг: * 6 сарын хугацаанд 2 ба түүнээс олон удаа, 12 сарын хугацаанд 3 ба түүнээс олон удаа батлагдсан шээсний замын халдвар илэрсэн тохиолдол.

Эмэгтэйчүүдэд яагаад илүү түгээмэл тохиолддог юм бол?

Эмэгтэйчүүдийн шээсний сүв богино, шулуун гэдэсний амсарт ойр байрладаг тул нян давсаг руу орох эрсдэл өндөр байдаг. Мөн бэлгийн идэвх, жирэмслэлт, цэвэршилтийн дараах эстрогений бууралт зэрэг нь эрсдэлийг нэмэгдүүлдэг

Цистит дахин дахин сэдрэх хамгийн түгээмэл шалтгаанууд юу байдаг вэ?

  • Давсагт нян бүрэн устаж арилалгүй үлдэх;
  • Бэлгийн харьцаатай холбоотой халдвар;
  • Шээс удаан барих, шингэн бага хэрэглэх;
  • Цэвэршилтийн дараах дааврын өөрчлөлт;
  • Шээсний замын бүтэц, үйл ажиллагааны өөрчлөлт;
  • Чихрийн шижин, дархлаа сулрах зэрэг хавсарсан өвчин.

Хүмүүсийн хамгийн их гаргадаг алдаа юу вэ?

  • Эмчийн зөвлөгөөгүйгээр антибиотик хэрэглэх;
  • Өмнө хэрэглэж үлдсэн эмийг дур мэдэн уух;
  • Антибиотикийн эмчилгээг дутуу зогсоох;
  • Шинж тэмдэг намдсаны дараа хяналтын үзлэгт орохгүй байх

Эдгээр нь антибиотикт тэсвэртэй нян үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

URO MED ЭМНЭЛЭГ

Уро Мед эмнэлэг нь олон жилийн туршлагатай мэргэжлийн чадварлаг баг хамт олон дараах үйлчилгээг та бүхэнд үзүүлж байна.

Циститийг бүрэн эмчлээгүй тохиолдолд ямар эрсдэл үүсэх вэ?

Эмчилгээ дутуу хийгдсэн тохиолдолд халдвар дахих, архагших, эмэнд тэсвэртэй нян үүсэх, халдвар шээсний дээд зам, бөөрийг үрэвсүүлж хүндрэх эрсдэлтэй.

Дахилтат цистит бөөрөнд нөлөөлөх боломжтой юу?

Тийм. Ялангуяа халдвар бөөр рүү дамжин пиелонефрит үүсвэл бөөрний эд гэмтэх, сорвижих, зарим тохиолдолд бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Шинж тэмдэг нь үргэлж адилхан байдаг уу?

Үгүй. Түгээмэл илэрдэг шинжүүд:

  • Ойр ойрхон шээх;
  • Шээсний дараа шээс үлдсэн мэт санагдах;
  • Шээх үед хорсох, өвдөх;
  • Давсаг орчимд эвгүй оргих;
  • Шээс булингартай эсвэл үнэртэй болох.

Зарим хүн өвдөлтгүй хэр нь ойр ойрхон шээдэг шүү дээ?

Зарим өвчтөнд өвдөлт, хорсох шинжгүйгээр зөвхөн ойр ойрхон шээх, шөнө олон босож шээх зэрэг шинж илэрч болно. Энэ тохиолдолд зөвхөн цистит бус бусад өвчнийг мөн үгүйсгэх шаардлагатай.

Ямар шинжилгээнүүд заавал хийх хэрэгтэй байдаг вэ?

  • Шээсний ерөнхий шинжилгээ;
  • Шээсний нян судлал, антибиотик мэдрэг чанарын шинжилгээ;
  • Цусны дэлгэрэнгүй биохими шинжилгээ
  • Хэт авиан шинжилгээ
  • Тодорхой заалтаар цистоскопи болон бусад дүрс оношилгоо.

Давсаг үрэвсээд байна уу эсвэл өөр өвчин байна уу гэдгийг яаж ялгах вэ?

Ойр ойрхон шээх, аарцаг орчмын зовиур нь зөвхөн циститээс шалтгаалахгүй. Давсагны хэт идэвхжил, завсрын цистит, чулуу, хавдар, эмэгтэйчүүдийн зарим өвчин зэрэгтэй ялган оношлох шаардлагатай.

Бэлгийн харьцаатай холбоотой цистит гэж байдаг уу?

Тийм. Зарим эмэгтэйд бэлгийн харьцааны дараа 24–48 цагийн дотор шээсний замын халдвар үүсэх нь элбэг бөгөөд үүнийг бэлгийн харьцаатай холбоотой дахилтат цистит гэж үздэг.

Ус бага уух нь хэр нөлөөлдөг вэ?

Шингэний хэрэглээ хангалтгүй үед шээсний хэмжээ багасч, нян шээсний замд удаан байх нөхцөл бүрддэг. Тиймээс хангалттай хэмжээний ус бага багаар уух нь дахилтаас сэргийлэхэд чухал.

Хооллолт, амьдралын хэв маяг циститэд нөлөөлөх үү?

Тийм. Ус сайн уух, шээсээ удаан барихгүй байх, өтгөн хаталтаас сэргийлэх, хувийн ариун цэврийг зөв сахих нь ач холбогдолтой. Харин тодорхой хоол хүнс циститийг шууд үүсгэдэг нь батлагдаагүй.

Даарснаас болж цистит үүсдэг гэдэг үнэн үү?

Даарах нь өөрөө нянгийн халдвар үүсгэхгүй, шууд нөлөөлөх хүчин зүйл болж сэдрээдэг.

Дахилтат циститтэй хүмүүс юунаас зайлсхийх хэрэгтэй вэ? Урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй аргууд юу вэ?

  • Антибиотикийг дур мэдэн хэрэглэхгүй байх;
  • Шингэн хангалттай уух;
  • Шээсээ удаан барихгүй байх;
  • Бэлгийн харьцааны дараа шээх;
  • Хувийн ариун цэврийг зөв сахих;
  • Эмчийн зөвлөгөөний дагуу шаардлагатай үед урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх

Циститийг удаан хугацаанд тэвчээд явбал ямар аюултай вэ?

Удаан хугацаанд эмчлэхгүй явбал халдвар давсагнаас дээш тархаж бөөрний үрэвсэл, давтамжтай халдвар, антибиотикт тэсвэртэй нян үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Жирэмсэн эмэгтэйчүүдэд цистит ямар эрсдэлтэй байдаг вэ?

Жирэмсэн үед шээсний замын халдварыг заавал эмчлэх шаардлагатай. Эмчилгээ хийгээгүй тохиолдолд пиелонефрит, дутуу төрөлт, ургийн өсөлтийн хүндрэл зэрэг эрсдэл нэмэгддэг.

Эцэст нь, дахилтат циститтэй хүмүүст эмчийн хамгийн чухал зөвлөгөө юу вэ?

Дахилтат циститийг энгийн “ханиад шиг” өвчин гэж үзэж өөрөө эмчлэх нь буруу. Давтамжтай сэдэрч байгаа тохиолдолд заавал шээсний шинжилгээ, нянгийн өсгөвөр хийж шалтгааныг тодруулан, эмчийн хяналттай зөв эмчилгээ болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх нь хамгийн үр дүнтэй арга юм.

Дахилтат цистит эмчлэгдэх боломжтой юу?

Дахилтат цистит нь эмчлэгдэх боломжтой өвчин. Эмчийн зааврийн дагуу эмчилгээг схемтэйгээр эмчлэхээс гадна, эрсдэлт хүчин зүйлийг засах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал.

Холбоотой мэдээлэл

Бидний үйлчилгээ