Эмэгтэйчүүдэд тохиолдох хавдруудын жагсаалтыг хөхний хорт хавдар тэргүүлдэг. Тиймээс охид, бүсгүйчүүд бидний зайлшгүй хэвшүүлэх ёстой дадлын нэг бол хөхөө эрүүл байгаа эсэхийг тогтмол шалгаж сурах. Ийнхүү тогтмол шалгах нь хөхөнд гарч буй өөрчлөлтүүдийг тухай бүрд нь мэдэхээс гадна хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх ач тустай юм.

Хөхний хорт хавдар нь хөхний булчирхай дотор хатуу бэрсүү үүсгэдэг. Тиймээс үүнийг байна уу, үгүй юу гэдгийг хөхөө өөрөө шалгаснаар мэдэх боломжтой юм. Хөхний хорт хавдартай хэмээн оношлогдсон эмэгтэйчүүдийн 40 хувь нь хөхний булчирхай дотор ямар нэг хатуу зүйл байгааг анзаарч, мэргэжлийн эмчид хандсанаар шаардлагатай арга хэмжээг эрт авч чадсан байна. Ингээд хөхөө хэрхэн шалгах тухай зөвлөмжийг хүргэе.

Хэзээ хөхөө шалгавал тохиромжтой вэ?

Сарын тэмдэг дууссанаас хойш 7 хоногийн дараа (цэвэршсэн бол сарын аль нэг өдрийг сонгон) сар бүр тогтмол хөхөө шалгаж хэвшээрэй.

Гэрийн нөхцөлд хөхөө шалгах арга

  • Биеэ бүсэлхий хүртэл нуцэглээд гараа ташаандаа авч толинд харна. Ингэхдээ хөхний хэлбэр, хэмжээ, өнгийг сайтар ажиглангаа хөхөн дээр ямар нэгэн хонхорхой, овгор, ургацаг эсвэл арьсан дээр ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг харна.
  • Толины өмнө зогссон хэвээр гараа дээш өргөн хөх ба суганы хонхор хоорондын зай буюу хөхний хэсэг, нөсөөтэй хэсэг, хөхний товч хавиар шалгах хэрэгтэй.
  • Хөхний толгойг эрхий ба долоовор хураагаар зөөлөн чимхэж, ямар нэг зүйл, шингэн ялгадас гарч байгаа эсэхийг үзнэ.
  • Хурууны өндгөөр хөхний толгойг тойруулан тойрог маягаар эсвэл шулуун шугамаар, эсвэл од маягаар төвөөс захруу гурван чиглэлийн аль нэгийг сонгож, иллэг хийж болно.
  • Хэвтээ байдлаар зүүн гараараа тохиогоороо нугалан дээш өргөнө. Баруун гарын хурууны өндгөөр зүүн талын хөхийг зөөлөн тэмтэрч үзнэ. Хэрэв та өрөөсөн хөхөө хангалттай шалгасан гэж үзвэл нөгөө талынхаа хөхийг дээрх байдлаар шалгана.

Хөхөндөө үзлэг хийхдээ дараах өөрчлөлтүүд байгаа эсэхийг сайтар тодруулах хэрэгтэй. Үүнд:

  • янз бүрийн бэрсүү тэмтрэгдэх
  • хөхний арьс улайж барзайх
  • хөндүүрлэж хавдах
  • хөхний аль нэг хэсэг хэлбэр нь өөрчлөгдөн арьс хонхойх
  • хөхнөөс цусархаг буюу идээрхэг шүүс гарах
  • хөхний товч татагдан цааш хонхойх

Дээрх шинж тэмдгийн сэжиг илэрсэн бол даруй эмэгтэйчүүдийн болон хавдрын нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Давтан нарийн шинжилгээнд орж оношийг бататгаж эмчилгээг сайн, чанартай, хугацаа алдалгүй эрт хийлгэх нь дараагийн ноцтой хүндрэл аюулаас сэргийлэх болно.

Холбоотой мэдээлэл

Бидний үйлчилгээ